Sunday, November 28, 2010

Ийм юм байж болох уу?

Олон хоног сүр дуулиантай үргэлжилсэн Гуанжоу 2010 Азийн спортын 16-р их наадам сайхан болж өндөрлөлөө. Манай баг тамирчид ч амжилттай оролцож өмнөх удаагийн амжилтаа давтлаа. Уул шугамандаа ахиулсан гэж хэлж болох байх. Яагаад гэвэл энэ удаагийн наадамд арай олон улс орон оролцсон болохоор өмнөх удаагийн 21р байр, энэ удаагийн 21р байр бага зэрэг ялгаатай гэсэн үг. За тэр ч яахав. Нээлт, хаалтын үйл ажиллагаанаасаа авахуулаад ер нь л их гайхалтай наадам боллоо. Зохион байгуулалтын хувьд шүүлтийн бага зэрэг маргааныг эс тооцвол ер нь л нэлээн өндөр төвшинд явагдлаа. Наадамд зориулсан бүтээн байгуулалтын талаар ярих нь илүү асуудал болох биз. Ер нь азийн спортын наадам гэхэд Бээжингийн олимпоос бараг дутах зүйлгүй төгс сайхан наадам боллоо. Гэхдээ би энд хаалтын ажиллагааны талаар бага сага зүйл дурдах гэсийн. Ер нь спортын наадмын нээлт гэдэг миний бодлоор тухайн улс орны соёлыг хамгийн тодорхой таниулдаг, үзэхээр ирсэн үзэгчдийг алмайруулах зорилготой, хэрхэн ач холбогдол өгч хэрхэн бэлдсэнийг харуулдаг, нөгөө талаар тухайн улс орны хөгжлийг илтгэдэг ач холбогдолтой билээ. Хаалтын ажиллагаа нь нээлтэн дээр харуулахыг хүссэн зүйлүүд ерөнхийдөө багтах бөгөөд нэмээд бид ийм зүйл хийж чадлаа гэж өөрсдийнхөө ажлыг дүгнэсэн маягийн зүйл үзүүлдэг байх. Гуанжоугийн наадмын хаалтын ажиллагаа их сайхан, шинэлэг, гайхашруулсан зүйл байсан гэж үзсэн хүмүүс хэлэх байх л даа. . .
Миний монголын соёл, үндэсний хувцас, язгуур урлаг минь ямар агуу, ямар сайхан юм бэ? Морин хуурын минь уран аялгуу дэлхийн чихийг дэлдийлгэж,  Монгол хөөмэйн минь сүрлэг айзам нүд алдам ээрэм талыг минь илэрхийлэх шиг, Монгол дээл маань  хүчирхэг түүхийг минь харуулах мэт санагдлаа. Гуанжоугийн наадмын хаалтын ажиллагааг чимсэн нэгэн үзүүлбэр нь монголчуудын маань үзүүлбэр байсан. Гэхдээ яагаад бусад оролцсон орнууд бус ганцхан манайх урлагийн номероо үзүүлэв? Тайланд, Япон, Солонгос үзүүлэх үзүүлбэр байхгүйдээ, эсхүл техникийн саатлаас болоод үзүүлээгүй юм болов уу? Эсхүл хаалтын ажиллагаан дээр урлагийн номероо үзүүлэх азын сугалааг манай орон сугалчихсан юм болов уу? Арай л үгүй байхаа. Манайхаас гадна Тайвань, Хонг Конг, Макао зэрэг орнууд л үзүүлбэрээ үзүүллээ. Тэд ч яахав Хятдын гэсэн тодотголтой явдаг улсууд. Харин Монгол яагаад дунд нь явж байдаг билээ. Хятдууд Монголыг zhong guo de di er ge guo jia буюу Хятдын хоёр дахь улс гэж ярьцгаадаг. Үнэхээр энэ хаалтын ажиллагааг үзсэн хүмүүс энэ ойлголтыг авцгаалаа. Гэтэл манай залуус тэр том наадмын тэр гайхалтай хаалтын ажиллагааны хэсэгт оролцох саналыг хэрхэн баяртайгаар хүлээж авсан бол. . .

3 comments: