“Амьд явах амархан, амьдрах хэцүү” гэдэг үг байдаг. Харин одоо “Амьдрах амархан, амьсгалах хэцүү” болж байх шиг байна. Амьсгалах арга алга. Хөхөө өвлийн хүйтнээр сархадаа хэтрүүлсэн нэг монгол залуу тасраад унаад өгвөл тэр хөлдөж үхэхээсээ урьтаад угаартаж үхэх байх. Аргагүй ч биз огт тамхи татдаггүй хүн уушигны хорт хавдраар өнгөрч байхад. Манай улсын хамгийн тулгамдсан, шүдний өвчин болсон асуудал юу гэвэл УТАА гэж дуу нэгтэй гар өргөцгөөх олон хүн байгаа байх. Монголд газардах ёстой байсан онгоц буудлынхаа зурвасыг харж чадахгүй буцаад нисчихсэн гэдэг яриа онигоо биш болсон явдал гэдэгт би лав эргэлзэхгүй. Ер нь ингэтлээ агаар бохирдуулаад утаа тариад байгаа хамгийн гол эх үүсвэр нь нүүрс түлээд байгаа гэр хорооллын иргэд юм билээ. Тэглээ гээд тэднийг муулах гээгүй утаанаас салах гарц хайж байна. Үндсэн хуулиндаа хүн амьдрах газраа өөрөө сонгоно гээд заачихсан болохоор хотод ирэгсдийг буруутгаж болохгүй. Тэгээд ч ганцхан Монголд ч биш дэлхий дахинд хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн явагдаж байгаа юм билээ. Харин тэр хотод төвлөрөөд байгаа гэр хорооллын иргэдийн гал түлэх асуудлыг уг нь зохицуулж болмоор. Тэд ч гэсэн нүүрснээс дутахааргүй элчтэй бөгөөд эдийн засгийн хувьд нүүрс түлдгээс илүү зардалгүй халаалтын системтэй болчихвол дуртайяа нүүрсэндээ баяртай гэж хэлэх нь тодорхой. MCS-ийнхэн байгалийн хийг ашиглаж утааг 2 жилийн дотор бууруулна гээд байх шиг байсан. Уг нь ч сайныг бодож санаачилсан бол сайн л хэрэг. Харин дэмий нэр хүнд эрх ашгийн төлөө ард түмний эмзэг сэдэв дээр нь дөрөөлж тэднийг молиго үмхүүлэх гэж буй бол яана. Нэг зүйл багшаасаа сонслоо. Дэлхий дээрх хамгийн их байгалийн хийн нөөцтэй ОХУ өөрсдөө халаалтын системдээ байгалийн хийг ашигладаггүй гэнэ. Яагаад гэвэл хүйтний улирал урт удаан үргэлжилдэг Орос манайх 2 шиг улсууд байгалийн хийгээр дулаацдаггүй юм гэнэ. Байгалйин хийг жилийн ганц улирал хүйтэрдэг, тэхдээ цельсийн хасах 15аас дээш хүйтэрдэггүй улс орнууд ашигладаг гэх юм. Судлаад үзвэл үнэн бололтой. Харин тэрний оронд тогоор ажилладаг шалнаасаа, хананаасаа халдаг гэх мэт баахан технологи ороод ирчихсэн гэнэ билээ. Даанч хэтэрхий их тог хэрэглэдгээс болоод цахилгааны байцаагчаа панаалдаж чадахгүй ихэнх хэсэг нь нүүрстэйгээ зууралдахаас өөр аргагүй болж байгаа юм. Тэгэхээр заавал бүх айлыг байранд оруулна гэж байхын оронд одоохондоо тогны үнийг нэлээд хувиар бууруулахад утаагүй болж байгаа юм. Гэр хорооллын 70000 орчим айл жилдээ 200000 тонн нүүрс түлдэг гэнэ. 200000000 (2 сая) кг гэсэн үг. Хамгийн дээд тал нь 4 орчим кг-аар савласан шуудайны материалаар хийсэн ууттайг 1000 төгрөгөөр авдаг гэж бодвол 2 саяыг хуваах нь 4 үржих нь 1000 тэнцүү 50000000000 (50 тэрбум) төгрөг жилдээ түлдэг гэсэн үг. Энэ мөнгийг ашиглан, дээрээс нь жил бүр утаанд зориулан төсөвлөдөг мөнгийг шаардлагатай гэж үзвэл сар бүр өгөөд байгаа 10000, 21000 төгрөгийг нэмээд хангалттай тог цахилгаан гарган утаа тортогноос салж болмоор ч юм шиг. Асуудлын гол нь үүнийг хийчих эрх мэдэлтэй хүмүүс цэвэр агаар амьсгалдаг.
