Найзуудаа та бүхний хүсэлтээр илтгэлээ cyber орон зайгаараа та нартай хуваалцаж байна.
Парламентын хяналтын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх нь: Монгол дахь парламентын хяналт
Оршил
Төр ард түмнээ засаглахад засаглалын 3 салаа мөчир нэгэн дор төвлөрвөл дарангуйлал үүснэ гэдгийг хүн төрөлхтөн нэгэнт олж мэджээ. Энэ санааг Францын агуу сэтгэгч Ш.Монтеське улам бүр боловсронгуй болгосон байдаг. Засаглалын 3 салаа мөчир гэдэгт хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл орох ба өнөөдөр хууль тогтоох эрх мэдлийг парламент, гүйцэтгэх эрх мэдлийг засгийн газар, шүүх эрх мэдлийг шүүх байгууллагууд хэрэгжүүлдэг. Ш.Монтеське засаглал хуваах зарчимдаа эдгээр гурван эрх мэдлийн аль ч хоёр нь бие биенээсээ хараат байж болохгүй харин харилцан бие биенийхээ эрхийг хязгаарлаж хянаж байх ёстой гэдгийг нарийн судалсны үндсэн дээр гаргаж ирсэн байдаг.
Монгол улсад байнгын ажиллагаатай парламент үүсч хөгжсөний 20 жилийн ойд зориулан зарлаж буй “Парламентын хяналт хүний эрхийн хамгаалал” гэдэг сэдвийн дор парламентын үндсэн үүргүүдийн нэг болох хяналтын талаар бичихээр зорьсон. Яагаад гэвэл хэрвээ парламент засгийн газраа хянах хяналтын механизмаа алдвал тэр төрийн хувьд “checks and balances” буюу эрх мэдлийн харилцан хяналт, тэнцвэртэй байдлын зарчмаа алдаж эцсийн дүнд ард түмний эрх ашигт сөргөөр нөлөөлнө. Харин парламент засгийн газрынхаа үйл ажиллагааг хянах сайн механизмыг хэрэгжүүлж чадвал төрийн бодлого тэнд жинхэнэ биеллээ олж хүний эрх нэг талаараа хамгаалагдна. Өөрөөр хэлбэл парламентын хяналтыг сайжруулах явдал нь хүний эрхийн хамгаалалд хийж буй томоохон хувь нэмэр гэсэн үг. Ийм учраас хүний эрхийн хамгаалал гэдэг асуудал дээр бус парламентын хяналт гэдэг асуудал дээр гол анхаарлаа төвлөрүүлсэн.
Илтгэлдээ парламент яагаад хянах ёстой, хэрхэн яаж хянадаг, хянах үүргийг хэн хариуцдаг, Монголын парламент засгийн газраа хэрхэн хянаж байна зэрэг асуудлыг хөндөж бичихээр зорьлоо.
Парламент хэмээх ойлголт, түүний үүргийн тухай
Парламентын тухай товчхоноор хэлбэл хууль тогтоох, улс төрийн бодлого боловсруулах, төрийн эрх барих дээд байгууллага, парламентат ёсны илрэх хэлбэр, ард түмний эрх ашгийг илэрхийлж тэднийг төлөөлөх төлөөллийн ардчиллын сонгодог жишээ юм. “Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх явцад түүхэн тодорхой нөхцөлд ард түмний язгуур эрх, ашиг сонирхлын үүднээс аль нэг эрх мэдэл тэргүүлэх, давамгайлах үүрэг хүлээхийг нийгмийн амьдрал заавал шаарддаг. Энэ шаардлагыг соргог мэдэрч хэрэгжүүлэхгүй аваас төрийн эрх мэдлийн тэнцвэрт байдал алдагдаж, илүү эрх мэдлийн төлөө тэмцэл газар авч эцэстээ нийгмийг бүхэлд нь хямруулах аюултай. Эрх зүйт төрийг төлөвшүүлж буй өнөөгийн нөхцөлд төрийн эрх мэдлийн тэнцвэрт байдлыг ханган, төрийн ноён нуруу болж байх байгууллага нь парламент юм.”[1] “Үүргийн хувьд парламент үндсэн 4 үүрэгтэй.
- Легитимийг хадгалах
- Сонгогчдыг илэрхийлэх
- Элитийг нийгэмшүүлэх
- Засгийн газарт нөлөөлөх, хянах”[2]
Эдгээрээс хяналтын үүрэг нь манай илтгэлийн сэдэвтэй холбогдох тул дэлгэрүүлье.
Парламентын хяналтын тухай
Ардчилсан нийгэмд улс орны хөгжин дэвжих улс төрийн бодлогыг парламент боловсруулж, засгийн газар хэрэгжүүлэх ба парламентаас гаргасан шийдвэр, бодлого, хууль тогтоомж, төсвийн биелэлтийг хянах явдал туйлын чухлаар тавигдах ёстой. Хяналтын механизм алдагдвал гаргасан шийдвэр биелэлээ олохгүйд хүрч, улс төр нь авилгал ялзралд идэгдэж эцсийн дүнд ард түмэн л хохирдог. Өөрөөр хэлбэл хэдийгээр төсвийг парламент нь батлах боловч засгийн газар зарцуулдаг тул хэрхэн зарцуулахыг нь нарийн хянаж байх учиртай гэсэн үг.
Парламентын засаглалтай улс оронд парламентад олонх болсон нам, улс төрийн хүчин засгийн газрыг байгуулах эрхтэй болдог. Харин засгийн газраа парламент дотроосоо байгуулсан нөхцөлд хяналтын механизмд бага зэрэг төвөг учирдаг. Энэ нь парламент нь засгийн газраа байгуулахдаа аль болох парламентын гишүүдийн оролцуулахгүй байх хэрэгтэй гэсэн үг.
“Парламентынх нь эрх мэдлээс хамаараад аль ч оронд таарч тохирсон парламентын хяналтын хэлбэр байдаггүй боловч ихэнх оронд парламент засгийн газрын үйл ажиллагааг хянах асуудлыг тус тусын байнгын хороодод даатгадаг байна.”[3] “Тухайлбал, Их Британийн парламентын нийтийн (төлөөлөгчдийн) танхимд 17 тусгай хороо (түүний дотор санхүү, төрийн албаны асуудал эрхлэх хороо, улсын санхүүгийн хороо) ажиллаж, тэдгээр нь тус бүрдээ харьяалах яам, тусгай газруудад санхүүгийн болон гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэн, тайлан, илтгэлийг нь тогтмол хэлэлцэж байдаг байна.”[4] Дэлхийн хамгийн хүчирхэг орон болох АНУ-ын хувьд “Конгрессын хууль тогтоох ажиллагааны нэг чухал хэсэг бол засгийн газрын vйл ажиллагааг хянах явдал. Хянаж, шалгах хороог Конгресс байгуулдаг ба энэ нь гэрчийг дуудаж холбогдох тодорхой мэдээлэл авах, хууль тогтоох ажиллагаанд саад учруулж буй этгээдийг баривчлах хуртэл арга хэмжээ авах тушаал єгєх эрхтэй юм байна. Єнєєдрийн байдлаар Тєлєєлєгчдийн танхимд 22 байнгын хороо, Сенатад 16 байнгын хороо, нэгдсэн дєрвєн байнгын хороо ажилладаг бєгєєд 300 орчим дэд хороотой аж.”[5] Гэх мэтчилэн яамдынхаа тоогоор парламентын байнгын хороо байгуулж засгийн газрыг хянадаг байтал манай улсын хувьд УИХ нь 7 байнгын хороотой мөртлөө засгийн газар нь 11 яамд, 14 сайдтай.
Засгийн газраа хянах чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд засгийн газраас мэдээлэл авах хэрэгцээ зайлшгүй тулгардаг. “Парламентын хувьд, засгийн газраас мэдээлэл авах эрхзүйн түгээмэл 3 боломж нөхцөл байдаг. Үүнд:
- Парламентын хэлэлцүүлэг
- Парламентын асуулт болон асуулга
- Парламентын лавлагаа”[6]
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар Улсын Их Хурал хянан шалгах эрх мэдлээ засгийн газарт асуулт, асуулга тавих, засгийн газрын тайлан, мэдээлэл, илтгэл сонсох гэх мэтээр хэрэгжүүлдэг. Монгол Улсын хууль болон УИХ-аас гаргасан бусад шийдвэрийг хэрхэн биелүүлж ямар үр дүн гарсан эсэхийг бичгээр тодруулахыг асуулга гэх ба төр, нийгмийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар бичгээр тодруулахыг асуулт гэнэ. Мөн Улсын Их Хурлын тухай хуулинд заасны дагуу УИХ-ын нэгдсэн хуралдаанаар долоо хоног бүрийн баасан гаригт засгийн газрын мэдээлэл сонсдог.Цаашлаад энэ хуулинд асуулт болон асуулгыг ямар байдлаар хэдий хугацаанд асуух, хэдий хугацааны дотор хариулт өгөх тухай хүртэл нарийвчлан зааж өгчээ.
Парламент засгийн газраа хянах өөр нэг арга нь омбудсмений тогтолцоо юм.
“Төрийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа, алдаа зөрчилтэй холбогдох иргэдийн гомдлыг омбудсмен хариуцдаг. Обудсменийг парламент сонгох буюу парламенттай зөвшилцөн төрийн тэргүүн, засгийн газар томилдог. Омбудсмен нь иргэдийн эрх, эрх чөлөөг зөрчих, албаны эрхээ урвуулан ашиглах, алдаа, зөрчил гаргах, шударга бус шийдвэр гаргахаас хамгаалах, төрийн удирдлагыг сайжруулах, засгийн газрын үйл ажиллагааг нээлттэй болгох, засгийн газар түүний албан хаагчдыг олон нийтийн өмнө хариуцлага хүлээдэг болгох үүрэгтэй байдаг. Ард олны эрхийг хамгаалах ба засгийн газрын үйл ажиллагааг хянах зорилгоор омбудсмен олон янзын эрх эдэлдэг. Үүнд:
- Засгийн газрын удирдлага хуульд нийцэхгүй шударга бус үйл ажиллагаа хийсэн эсэхийг шалгах
- Шалгалтын явцад захиргаа зохисгүй үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдвол энэ байдлыг арилгах зөвлөмж өгөх
- Онцгой тохиолдолд засгийн газар болон гомдол гаргагчид өөрийн үйл ажиллагаагаа тайлагнах, зөвлөмжийг засгийн газар хүлээн зөвшөөрөөгүй онцгой тохиолдолд хууль тогтоох байгууллагад хандах эрхтэй.
Омбудсмен жилийн ажлын тайлангаа олон нийтэд болон хууль тогтоох байгууллагад тавьдаг.”[7] Өнөөдөр АНУ, Их Британи, ОХУ, Дани, Норвеги, Австрали, БНХАУ мэтийн 50 гаруй оронд Омбудсмений тогтолцоог хэрэглэж байна.
Парламент дахь сөрөг хүчин
Үндсэндээ парламентаас засгийн газрыг хянах үүргийг сөрөг хүчин л хийдэг. Парламентын засаглалтай улс оронд парламентад олонх болсон нам засгийн газраа байгуулж өөрсдийнхөө бодлогыг хэрэгжүүлдэг. Харин сөрөг хүчин эрх баригч намынхаа үйл ажиллагааг хянаж байх учиртай. Хууль ёсны сөрөг хүчин, түүний хяналтгүйгээр ардчилал, тэр тусмаа парламентат ёсыг төсөөлөх аргагүй. Сөрөг хүчний хяналтыг сайжруулах зорилгоор түүний эрхзүйн үндсийг нарийн хуульчлах явдал дэлхийн ардчилсан олон орныг хамрах болсон. Тухайлбал: “1971 оны 2 дугаар сарын 18-ны өдөр чөлөөт худалдааны хот Гамбургын Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн “а”-д дараах хоёр заалтыг оруулжээ.
- Парламентат ёсны салшгүй нэг чухал хэсэг нь сөрөг хүчин мөн.
- Сөрөг хүчин нь засгийн газрын мөрийн хөтөлбөрийг үндсэн асуудлаар шүүмжлэх, зарим талаар олон нийтийг төлөөлөх байнгын үүрэг зорилттой байна.”[8]
Нэгэнт өөрсдийнхөө бодлогыг хэрэгжүүлэх эрхгүй болсон сөрөг хүчин нь эрх баригч намынхаа бодлогын зөв хийгээд буруу, хэрхэн хэрэгжүүлэх, хэрэгжүүлэх явц төлөвлөгөөний дагуу явагдаж буй эсэхийг хянаж байдаг зүй тогтол байдаг.
Дүгнэлт
Манай улс парламентын засаглалтай бүгд найрамдах улс. Парламентын засаглалтай улс оронд гол төлөв хүчтэй 2 нам парламентад зонхилдог. Манай орны хувьд ардчилсан улс төрийн дэглэмд шилжсэнээс хойш МАХН, Ардчилсан нам 2 ээлжлэн төр барьсаар ирсэн. Зарчмын хувьд гол 2 намын нэг нь эрх барих үед нөгөө нь түүний бодлого, үйл ажиллагааг хянаж байвал эрх мэдлийн харилцан хяналт, тэнцвэрт байдлын зарчим алдагдахгүй. Үндсэндээ бялуугаа нэг нь хуваа нөгөө нь сонго гэдэг л зарчим үйлчлэх ёстой билээ.
Уул шугамандаа ганцхан тохиолдолд тодруулбал парламентэд аль ч улс төрийн хүчин олонх болж чадаагүй үед эвслийн засгийн газар байгуулдаг. Гэтэл 2008 оны сонгуулиар МАХН олонх болж засгийн газар байгуулах бүрэн эрхтэй болсон боловч эвслийн засгийн газар байгуулсан. Олонх болсон намын дарга ерөнхий сайд болж, 2 намын лидерүүд засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллах болов. Хяналтын үүрэг гүйцэтгэх сөрөг хүчин нь өөрөө олонх боллоо. Ингэж эвссэнээр бялууны хувь хүртэх хүмүүсийн тоо олширсон ба тэдэнд зориулж засгийн газрын бүтцийг улам данхайлгасаар ирэв. Энэ нөхцөлд засгийн газрын үйл ажиллагааг хэн хянах вэ? Гол 2 намын бус 3 гишүүнд олонхийн бодлого үйл ажиллагааг хянах боломж бололцоо байгаа болов уу? Хэрвээ парламентын хяналтыг УИХ-ын тухай хуулинд заасанчлан асуулт, асуулга тавьж хариулт авах мэтхэнээр ойлговол хяналтын механизм зөв явагдаж байна гэж ойлгож болох авч хяналт гэдгийг төгс утгаар нь буюу шийдвэр гарахад нөлөөлж, нэлээд өндөр шалгуурыг тавьж, гарсан шийдвэрийг төгс байлгах тэр хяналтын хэмжээнд авч үзвэл үндсэндээ хяналт алга. Нөгөө талаар засгийн газрын бүрэлдэхүүнд багтан ажиллаж буй гол 2 намын лидерүүдийн гарт засаглалын 3 эрх мэдлийн 2 нь төвлөрч байна гэсэн үг. Үр дүн нь юу вэ? Ард түмний эрх ашиг л зөрчигднө.
Байнгын ажиллагаатай парламент байгуулагдаад хэдийнээ 20 жил болсон ч гэсэн засгийн газар, УИХ хоёрын харилцан хамтын ажиллагааны тал дээр бүрэн төлөвшиж амжаагүй байна. Өнгөцхөн харахад парламент засгийн газраа хянаж буй мэт боловч нарийн ажиглавал засгийн газрыг хянах оновчтой механизм үгүйлэгдэж байна.
[2] W.Phillips.Shively. Power and Choice. 2003.page 315-316.
[3] Энэ санааг Парламент хоорондын холбоо, Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих төвөөс 2003 онд парламентын гишүүдэд зориулж гаргасан гарын авлагаас харж болно.
[4] Д.Лүндээжанцан, Л.Өлзийсайхан. Парламентат ёс. 2005. 83дахь тал.
[5] М.Батбаагар. Америкийн парламент хоёр танхимаас бүрддэг. Өдрийн сонин. 184.
[6] Аюулаас хамгаалах салбарт тавих парламентын хяналт. Парламент хоорондын холбоо, Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих төвөөс парламентын гишүүдэд зориулж гаргасан гарын авлага. 2003. 100дахь тал.
[7] Мөн тэнд. 113 дахь тал.
[8] Д.Лүндээжанцан, Л.Өлзийсайхан. Парламентат ёс. 2005. 88дахь тал.
Mash saina!
ReplyDeletebayarlalaa
ReplyDeleteсайн болжээ
ReplyDelete